Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
Монгол орны ан амьтан
Аргаль
 
 
Элстэй чулуурхаг нүцгэн уулс, толгодоор нутагладаг. Алтайн бүс, Өмнөговь, Алтайн өвөр говь, Хөвсгөл аймгийн нутгаар оршино. Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумдын нутгийг хамран амьдардаг. Аргалийг нэн ховор амьтан, устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд оруулдаг бөгөөд агнахыг хориглосон дархан цаазтай амьтан. Биеийн жин нь ойролцоогоор 200 килограмм, өндөр нь цээжин биеэрээ 120 сантиметр.  Маш соргог, хараа хурц, үнэр сайн мэдэрнэ. Их дайжимтгай бөгөөд нэг хар авчихвал 40-60 километр явж нуруунаас нуруунд гарч байж тогтдог. Цаашлаад 200-300 километр хүртэл явах нь бий. Нар үздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшлэнэ. Нар тусахгүй ангал жалганд хэвтдэг. Аргаль ихэвчлэн нэг хурга гаргах ба зарим тохиолдолд ихэрлэнэ. Үр төлөө араатнаас хамгаалахын тулд эх аргаль байнга сонор сэрэмжтэй байж өдөржин манаанд гарч, нуугдах аргыг үр төлдөө зааж, аюул ойртоод ирвэл өөрөө аюулыг сөрөн явдаг. Аргаль угалзын эвэрт байх завсар бүхий үеийг тоолж насыг нь тогтоож болно. Алтайн угалзны эвэр нь дунджаар 60 инч буюу 1.5 метр урт байдаг. Хамгийн ихдээ 13 жил насална. Эвэрнээс нь болж хулгайн анчид ихээр хороодог. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хэдэн тооны аргаль агнах эрхийг 26-30 аж ахуйн нэгжид олгодог. Алтайн аргаль угалзны нэг толгой нь 50 орчим мянган долларын үнэ хүрдэг. Дэлхийн анчид Алтайн аргаль угалзыг агнаж үзээгүй бол өөрийгөө анчин гэж тооцдоггүй гэсэн яриа бий. Аргаль 1975 онд 50 000 байсан бол 2003 онд 13000 болж буурчээ.
 
Баавгай
 
 

Баавгай холимог тэжээлтэн. Мах, чихэр жимс, өвс ногоо гээд яг хүн шиг. Сүүн тэжээлтний аймагт багтдаг баавгайг хүмүүс догшин араатнаар төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэд маш аймхай, их болгоомжтой. Зөвхөн үр төлд нь аюул тохиолдох үед л догшин авир гаргаж, хойд хоёр хөл дээрээ зогсож сүр үзүүлдэг аж. Майга хоёр хөл дээрээ зогссон баавгай их л сүрлэг харагддаг. Энэ нь түүний хувьд дайснаа дарах нэг арга юм. Мөн урд хоёр сарвууных нь хумс хойдохоосоо урт бөгөөд энэ нь модонд авирах гол зэвсэг нь ажээ.

Амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг баавгайнуудыг судлаачид хэтэрхий зожиг гэж үзэх нь бий. Баавгай маш мэдрэмжтэй. Тэд хэтэрхий үнэрч, байнга шиншиж явдаг байна. Бас хараа болон сонсгол нь гайхалтай сайн. Ялангуяа нүд нь дуран л гэсэн үг.

Дэлхийд найман төрлийн баавгай байдаг. Ихэнх нь дунджаар 25 жил насалдаг бөгөөд Өмнөд туйл болон Австрали тивээс бусад газар нутаглаж байна. Өвөл ичдэг амьтдаас баавгай арай өөр. Тэрээр биеийнхээ дулааныг сайн хадгалдаг тул олон сар сэрэлгүй унтаж чаддаг гэнэ. Үүний тулд баавгайнууд дараа жил ичих хүртлээ маш сайн хооллож авсан байх хэрэгтэй байдаг ажээ. Харин эмэгчин баавгай нэг, хоёрдугаар сард төрөх болохоороо бие нь чилээрхэж яалт ч үгүй сэрнэ. Анхны яргуй цухуйхад өлсгөлөн баавгайнууд ичээнээсээ гарч юу таарснаа иддэг. Заримдаа тэд яаг л үхэр мал шиг өвс зулгаан бэлчиж явах нь бий.  

Эмэгчин баавгай 3-8 насандаа үржилд орж эхэлнэ. Эмэгчингийн хувьд нийллэгт орох үед эрэгчингийн зан ааш ямар байх тун чухал. Учир нь биеэр том эрэгчингүүд нийлэх үеэрээ эмэгчингээ барих тохиолдол гардаг ажээ. Иймд ааш авир нь зөөлөрч, бүр “шалдаа” буусных нь дараа ойртуулна. Үржилд ороод тэд шууд л хоёр тийш сална, магадгүй дахин хэзээ ч учирдаггүй байх. Харин бамбаруушууд эхээс мэндлэхдээ хариугүй амьтад төрнө. Муурын зулзаганаас өөрцгүй бяцхан тэдний биеийн жин 454 граммаас хэтэрдэггүй. Эмэгчингүүд нялх бамбаруушаа дагуулан ичээнээсээ гарахад бамбаруушууд нилээн том болсон байдаг. Тэд эхээсээ огт салахгүй хоёр жил шахуу хамт амьдарна. Үр төлөө хамгаалах, хайрлах тал дээр эх баавгайнууд зарим хүнээс илүү гэхэд болно. Гэхдээ цаг нь болоход мөнөөх асралт “ээж” хүүхдүүдээ хайрлахгүй хөөж явуулдаг. Хөөгдсөн бамбаруушууд нэг жил хэртэй бие биедээ дэм болж хамт амьдардаг гэнэ.


Банхар нохой

 

Дэлхийд 500 гаруй төрлийн нохой байдаг. Тэд хэдийгээр харилцан адилгүй шинж чанартай, өөр өөр түүхтэй ч монгол банхар бол маш эртний үүлдрийн нохой юм. Эрхүү хотын археологичдын олсон чулуужсан яснаас банхар нохойг 8300 жилийн өмнө амьдарч байсан гэж тогтоосон. Түүнчлэн зарим судлаачид Кавказ, Дундад Азийн овчарк нохойг банхраас үүссэн гэж үздэг. Монгол банхар өөр үүлдрийн ноходтой цус холилдоогүй, цэвэр цустай гэдэг давуу талтай ажээ.

Шведийн эрдэмтэд 500 гаруй төрлийн нохойн цусанд ДНК-ийн шинжилгээ хийхэд банхрын цусанд л чононд байдаг ген илэрсэн байна. Бусад нохдоос илүү ухаалаг, бие махбодийн хувьд эрүүл чийрэг, хүчирхэг, орчинтойгоо амархан дасан зохицдог, амьдрах чадвар сайтай нохой юм. Монгол нохойн бие галбир, шинж төрхийг нь авч үзвэл хоншоор богинотой, хушуу нь дөрвөлжин, нүд нь төгрөг хэлбэрийн, харц нь дөлгөөн тогтуухан, толгой нь өргөн, чих нь шанаанаасаа доош унжсан далбагар, тавхай их томтой, хөл сайтай, сүүлээ сээрэн дээрээ мушгируулан хаядаг, хүзүүндээ бяр ихтэй, цээж бахим, ташаа өндөр, номхон дөлгөөн ааштай,, их үсэрхэг байдаг. Эр нь дунджаар 60-80 см, эм нь 50-65 см өндөртэй. Ойролцоогоор 45-70 кг жинтэй. Үржлийн хувьд чонотой төстэй буюу өвөл 10-11 дүгээр сарын үед ороо нь ордог бөгөөд 55-63 хоног хээлээ тээдэг. Ихэвчлэн арван хоёр, нэгдүгээр сард гөлөглөх ба ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг.

Монголчууд эм нохой өөрөө гэр, хотонд ирвэл буян авч ирнэ, эр нохой ирвэл олз орж ирэх нь хэмээн бэлэгшээж, сайн асарч тэжээдэг байжээ. Мөн жингэр, гичий гэх үгсийг олон давтах, муу ярианд холбох, хараал болгон хэрэглэхийг цээрлэдэг байсан байна. Түүнчлэн сайн эх нохойг маш их хүндэтгэж, эзнийх нь зөвшөөрлөөр гөлгийг нь авахдаа сайн өдөр, цагийг болзож эзэнд нь бэлэг, өргөл барьцтай очиж, эх нохойд нь хүртэл идэш хоол өгдөг ёстой байжээ.

Банхар бол хоточ нохой юм. Зүрх цагаан бол эр зоригийг илтгэдэг, нүдэн доторх хос толбо нь хүний сэтгэлийг харах увидастай гэж хөгшчүүл ярьдаг. Банхар дөрвөн нүдтэй. Хоёр нүд нь унтсан байхад хоёр нь сэрүүн байж хотоо сахидаг хэмээн бэлгэшээдэг байна. Анх тэжээж байсан тэр хүндээ л их үнэнч бөгөөд гадны хүнд хэр барагтай дасдаггүй ба танихгүй хүн хоол өгөхөд иддэггүй ажээ. Уг нохойн үндсэн үүрэг нь харуул хамгаалалт, малч чиглэлийнх юм. Тиймээс төдийлөн сүүлээ шарвагануулж эрхлээд байдаггүй. Эзэн нь байнга илж таалж эрхлүүлээд байдаггүй ч өвчүү цээжийг нь маажиж өгдөг. Энэ нь нохой эзнээ мартахгүй болдог гэсэн хуучны домогтой холбоотой. Нөгөөтэйгүүр нохойны аль ч мөч цээжиндээ хүрдэггүй. Монгол нохойг анч, малч, албаны гэж ангилж болно. Монгол нохой нь нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маягт дэндүү дассан гэж хэлж болно. Учир нь ямар нэг сургуулилтгүйгээр эзнийхээ хэл яриаг бүрэн ойлгодог. Дуудахаар ирнэ, яв гэхээр явчихна, бос гэвэл босно. Аль нэг зүгт гараараа заахаар тэр зүгт харж хуцах зэрэг нь монгол нохойд заяасан инстикт чанар ажээ.

Бодон гахай

Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Тарга тэвээрэг авсан үедээ 120-170 килограмм хүрнэ. Тэд ургамлын үндэснээс гадна чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавьж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай гэнэ. Гол дайсан нь чоно, шилүүс, баавгай зэрэг махчин амьтад. Энэ амьтны тоо толгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрсөн.

Буга


Туурайтны овогт багтах халиун бугын биеийн урт нь 130-140 сантиметр, өндөр нь сэрвээгээрээ 115-155 сантиметр, биеийн жин нь 350 килограмм хүрнэ. Бие гүйцсэн буга нэг талдаа 5-6 салаа бүхий хос эвэртэй. Хос эврийн хүнд нь 3-7 килограмм байна. Бугын ясан эвэр 2-5 дугаар сард унаж, оронд нь 3-7 дугаар сард цусан эвэр ургаж эхлэн 8 дугаар сард ясжина. Мах нь ерөнхийдөө үхрийн махтай адил тул борц хийсэн ч болдог. Бугын ясан эвэр экспортын төдийгүй, чимэглэлийн зүйл, цавуу хийх үнэт түүхий эд болдог. Мөн цусан эврийг эм бэлдмэл хийхэд өргөн хэрэглэдэг. Бугын тоо толгой 1980 онд 140 000 байсан бол одоо 8000 болж буурчээ.


Булга

Усны булга: Орхон Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд, Тэсийн голын сав дагуу өргөн тархаж байгаа махчин амьтны нэг юм. Амьтны аймгийн ангилал зүйн үүднээс авч үзвэл Суусарын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булга нэртэйгээр амьтны аймгийн нэр томъёонд орсон байдаг. Биеийн төрх байдал, хэлбэр дүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол устай гол мөрөн бараадан амьдарна. Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно, хулгана, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөд заримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин биеийн урт 38-58, эмэгчнийх 33-49 см, биеийн жин эрэгчнийх 1,5-4 кг, эмэгчнийх 0,8-2,2 кг байдаг. Усан булганы дайсан амьтдын тоонд үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчин шувууд ордог байна. голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтэрээ засаж амьдарна. Ороо нийллэг нь 3- дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын дунд үе хүртэл явагдаж 5-6-р сард дунджаар 5-6 зулзага төрүүлнэ. Зулзага нь 9-10 сарын дараа үржилд орох бөгөөд 10-12 жил насалдаг амьтан юм. Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэг ангийн нэг юм.


Бөхөн

Монголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ. Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний талд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиун шарга зүстэй, газрын өнгийг ихэрлэх мэт дуурайсан энэ амьтан үнэхээр царай муутай. Бөгтгөр давжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бөгтөр нуруутай энэ амьтан үргэж цочоод цахилахаараа урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэж нэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаг гэнэ.

Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Эрийг ооно, эмийг нь шаргачин гэж нэрлэдэг байна. Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг бордоно. Малчид энэ амьтныг бэлчээр талхалдаг гэдэг ч үнэн хэрэгтээ бөхөн өөрийн бэлчээр нутагтай. Тэр хэзээ ч хар сүүлт, цагаан зээртэй бэлчээр булаацалддаггүй ажээ.

Бөхөнгийн нас даанч богинохон. Хамгийн ихдээ л 4-5 жил амьдардаг аж. Тэр бэлчээрийн сайн, өвсний соргогийг олж идэшлэнэ.  Зээрийг бодвол бараг сүүлгүй. Энд тэндхийн эрвэгэр сэрвэгэр бут бараадан зэрэглээн дунд тонгос тонгосхийн идээшлэх нь сонин. Амиа аврах нэг арга нь нүүдэл. Хэдэн уул нуруу дамжин нүүдэллэх нь хэвийн үзэгдэл. Эврийг нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг.

Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөн юм. Саарал чоно, шилүүс, мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэштэнгүүд монгол бөхөнг шууд барьж иднэ. Казакстан бөхөн, монгол бөхөн хоёрын хооронд ихээхэн ялгаа байдаг. Казакстан бөхөн бие томтой. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоо соргог бөхөн, монгол бөхөн  үлджээ. Дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон эл ховор амьтныг 1998 оноос л тоолох болсон ажээ. Манай улс 2007 онд 1550 гаруйхан бөхөнтэй гэсэн тоо гарчээ.

 

Дорго

 

 

Дорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго нь тарвага, зурамны голоод орхисон нүхэнд амьдардаг байна. Ер нь барагтай бол өөртөө нүх ухаж оромж бэлддэггүй. Хаврын сүүлч хийгээд зуны эхэн сард хээлтэй дорго төрж 5-6 зулзага төрүүлнэ. Тэднийгээ 3-н сар хүртэл нь хөхөөрөө хооллох агаад намар ороо хөөцөлдлөгөө болохын цагт зулзагануудаа хөөж орхидог зантай гэнэ. Дорго хоол голдоггүй амьтан бөгөөд самар, жимс, өт хорхой, шувууны өндөг гээд л юу тааралдсанаа иддэг. Галууны өндгийг явуут дундаа шүүрч нүд ирмэхийн зуур сордог байна.

 

Зараа

 

 

Биеийн урт нь 19-25 см, жин нь 700-800 гр, сард 5-6 зулзага гаргадаг. Дорнод болон Төвийн тал хээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Зарааны хоолны цэсэнд элдэв төрлийн шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой багтдаг. Бусдад хор болдог болгон зараанд хоол болдог аж. Эдгээрээс хамгийн амттай, түүний идэх дуртай хоол нь могой юм.Зараа баавгай шиг ичдэг бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачиж өвлийн уртыг авдаг байна. Мөн дөнгөж төрсөн бяцхан бөөдийгөө жимсний исгэлэн амтаар хуурдаг байна. Түүнээс үүдэн зараа элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд нүдээ өгөхөөс ч буцдаггүй байна. Хамгийн сонирхолтой нь үнэртэй ус ханхалсан орчинд байлгахад хамаг үсээ өрвийлгөөд хайж гүйдэг гэнэ. Зараа олон төрлийн авиа гаргадаг ба ороо нь орох үедээ яг л муур шиг гийнах бөгөөд нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг байна. Харин намрын сэрүүн орох үед тургиж бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зулзагыг нь бөөдийг гэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзаганууд эхээс төрсөн дарааллаараа өөрт оногдсон мөөмөө төвөггүйхэн олдог гэнэ. Бөөдий эхээс хулганы гөлчгий шиг улаан нялцгай төрөх агаад 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөд цагийн уртад эвэрлэг өргөс болно. Зарааны биед 2-3 см урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй өргөс ургадаг. Цайвар, цагаан өнгөтэй өргөсний үзүүр нь харин хар бараан өнгөтэй. Өргөс бүр дугариг хэлбэртэй, бөгөөд дотроо хөндий. Мөн өргөсний уг нарийхан судлаар хуваагдсан байдаг ба доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог нь дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизмтай аж. Тиймээс бага зэрэг хүчлэхэд өргөсний үзүүрт маш их даралт үүсч хүрсэн газрыг хатгадаг байна. Харин өргөсний угт даралт буурдаг тул зараанд өөрт нь юу ч мэдэгддэггүй. Түүнчлэн зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн хөгжсөн. Үр зулзаганд нь аюул учрах гэж буйг тэр үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж, өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг аж. Бөмбөг шиг бөөрөнхий болж, ирж буй аюулыг холдуулахад түүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж бөөрөнхий, тайван үедээ түүний арьсны булчин уян хатан болж өргөснүүд хэвтээ байдалтай байдаг байна. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхойн үүр болдог. Амнаас гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно. Шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг аж. Мөн орооны үед эмэгчин зараа төрөл бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна. Зараа шөнө илүү идэвхитэй амьдарч ан хийдэг учир сайн хардаг ч өнгө ялгадаггүй зөвхөн хар цагааныг харах чадвартай. Бас түүний богинохон жижиг хөл маш сайн хөгжсөн ба үдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө улаар зөөлөн зөөлөн гишгэж газар унасан навчисыг ч шаржигнуулахгүй явж чаддаг ажээ. Бусад мэрэгчид дотроос зараа хамгийн амархан гаршиж, эзнийхээ үнэрээр хоол тэжээлээ олж иддэг амьтан. Мөн эртнээс хэл ам зайлуулдаг хэмээн өргөсийг нь домын аргад хэрэглэсээр иржээ. Харин мах, цус, арьс, элэг, цөс тэр ч битгий хэл ялгадасыг нь хүртэл тусгай жорын дагуу эмэнд хэрэглэдэг байна.

 

Илбэнх

 

 

Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12 метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэн шогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай.

Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан бөгөөд хул, шаргал эрээн зүстэй. Монголчууд илбэнхийг булган дорго хэмээн нэрлэдэг бөгөөд арьсаар нь дээл хийж өмсдөг байжээ.

Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газар суурьшсан харь амьтан. Харь гэдэг нь гадны орноос ирж суурьшсан амьтанг хэлдэг юм.

Илбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг. Өөрөө үүр барьж, нүх ухах зэргээр оромж засаж чаддаггүй амьтан юм. Мэлхий, загас, дун, хясаа, чийглэг газрын шавьж, нугаламгүй амьтан буюу гүрвэл, хавч, жижиг хөхтөн амьтан, ангаахай, дэгдээхэйгээр хооллохоос гадна үхсэн амьтны сэг зэм, хог болон ногоон ургамал, сөөгний жимсээр хооллодог. Ихэнхдээ шөнөөр хоол тэжээлийн эрэлд гардаг учир харааны хөгжил сайн. Эзэмшил нутгийн хэмжээ нь 1,5 км хүртэл. Их дөлгөөн амьтан бөгөөд аюул тохиолдсон үед зугтахаасаа илүү тухайн газраа хярж хэвтэн биеэ хамгаалдаг. Анчдын яриагаар илбэнх харагдаж байгаа шигээ номхон амьтан биш гэнэ. Түүн рүү чоно зэрэг махчин амьтад ойртохоосоо ч айдаг. Учир нь өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй дайчин бас зальтай гэнэ.

Илбэнх нь хосоороо амьдардаг. 2-3 дугаар сард эвцэлдэх бөгөөд орооны идэвхтэй үе нь 6 өдөр үргэлжилнэ. Эмэгчин нь 2 сар орчим хээлээ тээж, төрүүлдэг ба зулзага нь 8-н долоо хоногтойдоо нүдээ нээж, 70 гаруй хоног эхийн сүүгээр хооллоно. Сүүнээсээ гарч, хоол тэжээл олох чадвартай болсон үед нь зулзагаа хөөж биеийг нь даалгадаг. Нэг нас хүрсэн илбэнх үржилд ороход бэлэн болдог. Зарим зүйлийн илбэнхийн эрэгчин нь хэд хэдэн эмэгчинтэй эвцэлддэг.

Илбэнх хүйтний улиралд ичдэг. Гэхдээ баавгайтай адил хөеө, идэш тэжээл нөөцлөн ичдэггүй, зүгээр л гүн нойрсчихдог онцлогтой. Илбэнхээс өөр гүн унтдаг амьтан нохдын овогт байхгүй. Илбэнхийн тоо толгой хэт ихсэх нь нутагшиж байгаа газартаа хөнөөлтэй. Тухайлбал, манай Онон, Угалз голын сав газар дэлхийд нэн ховордсон олон зүйл тогоруу нутагладаг. Тэдний дэгдээхэйг нь идэж тоо толгойг нь цөөрүүлэх, хоол тэжээлээс нь хороож хомсдуулахаас гадна дайжуулах аюултай.

Хүнд амархан дасдаг учраас гаршуулахад амар. Гэрийн нөхцөлд 11 хүртэл наслах чалвартай. Тэжээвэр илбэнх ямар нэгэн зүйлээ гээсэн хүн шиг хогийн савтай ноцолдож, хог ухдаг нь хачирхалтай. Үүрэгт ажлаа хийж байгаа юм шиг л хогийн сав ухдаг гэж энэхүү амьтныг тэжээдэг хүмүүс ярьдаг байна. Илбэнх заримдаа муур шиг дуугарч, цээжээ хэржигнүүлдэг. Бас хүн шиг гиншиж, исгэрч, шүгэлдэх нь сонин ажээ.

 

Мазаалай

 

 

1940-өөд оны үед Оросын эрдэмтэд хүрэн баавгайн нэгэн шинэ төрөл зүйл Монголын говьд байгааг илрүүлсэн гэдэг. Харин 1960,70 оны үед манай улсын эрдэмтэд орос судлаачидтай хамтран мазаалайг тоолж ердөө 50 үлджээ гэдэг түгшүүртэй мэдээг дуулгасан юм. 1991 онд 40 толгой байсан боловч 2006 оны судалгаагаар 16 орчим болж тоо толгой нь улам цөөрсөн байна. Хэдийгээр 1953 оноос агнахыг хориглон, Монгол Улсын “Улаан ном”-нд 1987,1997 онд хоёр удаа нэн ховор амьтан гэж бүртгэсэн ч мазаалай өсч, үржсэнгүй харин ч 30 хүрэхгүй болтлоо цөрсөн ажээ. Мазаалай нь хүрэн баавгайн төрөл зүйлд ордог.Дэд зүйлийн хувьд хамгийн сүүлийн генетик судалгаагаар Гималайн хүрэн баавгай буюу Говийн баавгай болохыг баталсан бөгөөд Пакистан болон Хятадын Тянь Шяны нуруугаар нутагладаг баавгайтай генетикийн хувьд хамгийн ойр амьтан ажээ. 2008-2009 оны дээжнүүдэд анализ хийж 22 баавгайн генотипийг тогтоогоод байгаа юм.Судалгааны үр дүнг статистикийн аргаар тооцоолж одоогийн байдлаар 22-28 мазаалай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Мазаалайн ороо 5-7 дугаар сарын үед ордог. 9-10 сар хээлээ тээдэг. Эвш / эм мазаалай / жил өнжиж төллөдөг.Хавар эрт ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Аламцаг 2-3 нас хүртлээ эхтэйгээ амьдардаг.  

 

Минж

 

 

Минж голын түвшинээс дээш ямар нэг газрын гүн бат шингэсэн модны дор үүр оромжоо барьдаг. Оромж нь бүдэг харанхуй агаад 2 хүн багтахуйц зайтай байдаг гэнэ. Хэрэв голын усны түвшин багасвал, унтлагынхаа өрөө рүү шууд орох хаалгыг анхны буй болгосон хаалганыхаа доогуур дахин ухдаг. Минж тун цэвэрч гэнэ. Түүнийг хүнтэй зүйрлэвэл нийгмийн идэвх сайтай ч гэж хэлж болохоор. Учир нь гэвэл тэд сувгаар урсч ирсэн хогийг том жижиг гэлгүй зууж аваачаад хол  хаядаг байна. Монгол орны Ховдын Булган, Тэс гол орчмоор цөөн тоогоор амьдардаг ажээ.

 

Тарвага

 

 

Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90-160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 15-16 жил насалдаг. Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг алж хороож болдоггүй. Тарвага нь 42 төрлийн эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увьдастай байдаг байна. Жилийн 160-175 хоногийг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ минутанд 1 удаа амьсгалдаг. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй ашигладаг байна. Монгол улс түүхэндээ хамгийн их  4 сая арьсийг 1910 онд бэлтгэж байжээ. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая арьсыг бэлтгэж байсан мэдээ байдаг. Тарвага 1940 онд 40 сая, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая, 2006 онд тарваганы хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт судалгаа явуулахад 22000 байжээ. Домог нь: Эрт урьд цагт манай дэлхийд 7 нар гараад газар дэлхийг хуйхалж шатаачих гээд амьтан хүн байж сууж  чадахгүй хэцүү болоход эрийн сайн эрхийн мэргэн хурдан мориндоо мордон долоон нарыг өглөөнөөс орой хүртэл дараалуулан харвахаар амлаад “хэрвээ би чадахгүй бол хар ус уудаггүй хагд өвс иддэггүй амьтан болоод харанхуй хар нүхэнд суудаг болно” гэжээ. Эрхий мэргэн өглөөнөөс орой хүртэл нарыг дараалуулан харваад хамгийн сүүлчийн нарыг уулын цаагуур оруулан алджээ. Түүнээс хойш эрхий мэргэн тарвага болон хувирч харанхуй нүхэн гэрт суух болжээ. Гэвч өглөө гарч ирэн нарыг харан харвачих санаатай ширтэж байдаг гэнэ.

 

Тахь

 

 

Тахийг монгол адууны дээд өвөг гэж үздэг. 1883 онд төв Азийг судлаач Николай Прежевальский Булган голоос Борхөл орох замдаа хоёр хэсэг зэрлэг адуу явахыг олж хараад адууны өөр төрөл зүйл болохыг дэвшүүлжээ. Тахийг дэлхийн биологийн шинжлэх ухаанд Прежевальскийн адуу гэж бүртгэжээ. Цагт 60-70 километр хурдалдаг. 5-15 адууг нэг азарга сүрэг болдог. Тахь 66 хромосомтой бол жирийн адуу 64 хромосомтой байдаг. Тахийн гадаад төрхийг үзвэл, урагшаа босоо богино дэлтэй, харьцангуй том толгойтой, нуруун дундуураа бараан судалтай, хонгор халиун зүстэй, туурай нь цомбон байх ба чоно дайралдвал унагаа дундаа хийн хамгаална. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ. 1992 онд ХБНГУ-ын иргэн Кристиан Освальд сангаас санхүүжүүлэн европын амьтны хүрээлэнд үе дамжин төрж өссөн тахийг уугуул нутаг Их говийн дархан цаазат газарт авч ирсэн. Түүний дараа Голланд улсын санхүүжилтээр Хустайн нуруу, Хомын хөндийд Монгол тахийг ахин нутагшуулах ажлыг эрхэлж байна. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн бөгөөд түүнийг Магнай хэмээн нэрлэжээ.

Өнгөрсөн өвлийн хүйтнээр 20 гаруй тахь үрэгджээ. Одоогоор 29 азарга, 44 үрээ байгаа. Хөгшин азарга, залуу үрээнүүдийн дунд үе үе сүрэг буюу гүүгээ булаацалдах тэмцэл өрнөдөг байна. Ялсан нь сүргийн эзэн болно, харин ялагдсан нь өөрт “үнэнч” 1-2 гүүгээ дагуулан холдож одно. Шинэ азарга нь хуучин азарганы унага төрөх юм бол шууд л барьчихдаг байна. Тэднийг байгалийн жамаар өсгөж, нутагшуулах зорилготой тул энэ хуульд хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг нь харамсалтай. Мөн тахь их үнэнч амьтан ажээ. Тэр хураасан гүүнүүддээ л үнэнч байдаг. Залуу азарганд сүргээ алдсан ч өөрийг хайлгүйгээр тэднийгээ л эргүүлж авахаар тэмцэлддэг байна. Гүүнүүдийн 60 хувь нь унагалдаг байна. 2008 онд 59, өнгөрсөн онд 96 гүү унагалсан бол 2010 онд 40 орчим гүү хээлтэй байгаа юм байна.


Туулай


Монгол оронд боролзон, түвд, чандаган, молтогчин туулай байдаг. Боролзон туулай ойт хээрийн бүсээр нутагладаг бөгөөд бор туулай нутагладаг газар цас их ундаг гэж ярьдаг.  Эм туулайд бусад амьтанд байхгүй нэг сайхан чанар байдаг нь өвсөнд хяраад хэвтчихсэн бүжинтэй таарвал хэний үр зулзага байх нь хамаагүй цадтал нь хөхүүлдэг байна. Бидний мэдэх туулай тарваганы хаясан нүхийг өөд татан өөрийн болгож байхад молтогчингууд газар ухаж үүр засдаг. Бас бүжингээ тусгай зассан өвс, ноолууран дэвсгэр дээр төрүүлнэ. Бүжин эхээс төрөхдөө дөнгөж хөдлөх төдий амьсгаатай, ямар ч үсгүй нүцгэн байхын дээр хараа, сонсголгүй байдаг. Төрснөөс хойш 2 долоо хоноод гөлөг шиг нүдээ нээдэг байна. Молтогчин бүжингүүдээ хэвтэж байгаад хөхүүлнэ. Харин туулай шиг сайхан сэтгэл гарган бусдын бүжинг хөхүүлэх тухай асуудал түүнд байхгүй. Гэхдээ туулай хэзээ ч молтогчин шиг өдрийн хэд бүжингүүдээ хөхүүлдэггүй гэнэ. Тиймээс туулайн бүжин амьдралдаа хэдхэн удаа эхийнхээ сүүгээр хооллодог байна. Энэ нь молтогчин хийгээд туулайны ялгарах онцлог юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, туулайн бүжин гэхэд л молтогчингийн бүжин шиг улаан нүцгэн, хараагүй төрдөггүй бөгөөд бүжин төрөнгүүтээ гүйж чаддаг байна. Молтогчин хийгээд туулайны аль аль нь бүлээр амьдардаггүй.


Хар сүүлт зээр

Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороос Дорнод монголын тал хүртэл нутагладаг. Эрийг нь манхим, эмийг сартагчин, төлийг янзага гэнэ. Сүүл 17-25 сантиметр хар хүрэн өнгийн урт хялгасан сүүлтэй, цавь орчим нь цагаан байдаг. Цагаан зээр, хар сүүлтийн аль аль нь идээшилж байгаа газраасаа ялгардаггүй тул тун сайн ажиж байж л олж харна. Сартагчин 5 сарын эхээр ихэвчлэн ганц янзага төрүүлнэ. Хар сүүлт зээр зөөлөн махтайн улмаас хулгайгаар агнагдан маш их ховордсон бөгөөд хаа нэгтээ хоёр гурав сайндаа л арваад хар сүүлт харайлгаж харагддаг.

Хүдэр


Хүдэр: Хүдэр нь бугын овог, хөхтний анги, салаа туурайтны багт хамаарна. Хүрэн бордуу зүстэй, хондлой зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Омруундаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу зангиа гэмээр бусад ямар ч амьтанд байхгүй содон зүстэй юм.

Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хориглосон. Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос урт нь 7-10 сантиметр хоёр соёо цухуйсан байдаг. Энгийн ургамал зонхилсон 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг заримдаа хоёр жилд нэг удаа төллөх нь ч бий.

Дэлхийн 200 гаруй улс орны 10 гаруйд нь л хүдэр байдаг байна. Эдгээрээс цөөн хэдэн улс гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэрт өөрт нь биологийн үүргийн хувьд байгалиас заяагдсан булчирхайн үйл ажиллагаагаар ялгардаг биологийн идэвхит нийлмэл бодисыг заар гэнэ. Заарын тусламжтайгаар хүдэр өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, заар нь хүдрийн нэгэн төрлийн зэвсэг нь болдог байна. Нөгөө талаар хүн төрөлхтөнд хэрэгтэй ардын эмнэлэг, уламжлалт анагаахын чиглэлээр олон төрлийн өвчнийг урьдчилан сэргийлэх, эдгэрүүлэх онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд болдог. Мөн түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна. Заарыг дэлхийн зах зээлд борлуулах юм бол алтнаас ч үнэтэй байдаг байна. Чухам энэ шалтгааны улмаас хүдэр хулгайн анд маш их өртдөг байна. 1996-2001 онуудад жил тутам 2500-3000 хүдэр агнаж, тоо толгой нь гучин мянгаар цөөрсөн гэсэн хар мэдээ баримт байдаг ажээ. Одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна.

 

Хулан

 

Персээр Онагра, хятадаар Кианг,  латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууны өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэй төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметр өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад “хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг. Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт 5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина. Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан усгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт бэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчууд хулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтимор бичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтан унагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулж орхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч 2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.

 

Цаа буга


 

Хөвсгөлийн цаатангуудын тайгад амьдардаг амьтан. Эвэр нь гадна талаараа үсэрхэг байдаг нь их сонин. 2005 онд 642 цаа буга тоологдсон байна. 1990 онд өсөлтийн дээд хэмжээнд хүрч 1216 тоо толгойд хүрч байсан. 1997 оноос монголын Улаан ном-д хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтдын тоонд оруулжээ.1953 оноос цаа буга агнахыг хориглосон. Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг  этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Цааг 4 насанд хүрмэгц нь засаж зарь болгоно. Эсвэл этэр тавина. Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээнэ. Мянжиг 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаар сарын эхээр төллөдөг. 7 дугаар сарын дундаас цусан эврийн ясжилт эрчимжиж, 8 дугаар сард цусны түрэлт зогсож, 9 дүгээр сараас эврийн үстэй арьсан бүрхүүл гуужиж, сарын дунд үе гэхэд бүх насны цаа бугын эвэр ясан эвэр болж хувирдаг. Цаа бугыг хойд Азид гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг. Цаа бугын эвэр бугын эвэртэй адил тодорхой тооны салаа байдаггүй. Нас ахих тусам олон салаа ургаад нас хөгшрөхөд салааны тоо цөөрдөг. Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Цаа бугын арьс их гөлгөр учир их бартаатай юмуу хазгай газраар явахад эмээл нь холбирох аюултай учраас унаж яваа хүн 1.5 метр орчим урттай нарийн мод барьж ташуурын оронд хэрэглэхээс гадна налж хазайсан талдаа тулж таяг болгон ашигладаг. Цааны арьс нь ямар ч тохиолдолд халцардаггүй гэнэ. Ямар ч юманд үрэгдсэн хальтарсан үед зулгардаггүй, дулаахан байдаг юм байна.

 

Цагаан зээр

 

 

Монгол оронд 11 аймгийн 170 сумын нутагт цагаан зээр бий. Зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага, сүргийн манлайг цэгц гэдэг. 30-40 толгой нь нэг сүрэг болно. Цагаан зээр 10-20 мянга хүрч сүрэглэдэг. Зээрийн сүрэг долоо хоногт 100-150 километр алсад нүүдэллэдэг. Цагт 80, 90 километр хурдалдаг. Зээр машинаас дайжин хуйлран зугтахдаа заавал машины урдуур шурган гардаг. Зээр зөв талаас орж ирвэл манай ард түмэн сайн хэмээн ярилцдаг. Цагаан зээр хурц туурайгаараа өвсний үрийг газарт шигтгэж өгдөгөөрөө ашигтай гэлцдэг. Цагаан зээрийн тоо толгой эрс цөөрч буй хамгийн гол шалтгаан бол өвс тэжээлийн хомсдол,  зарим төрлийн халдварт өвчин, түймэр, уул уурхайн салбарын хөгжил, хүмүүсийн зүгээс явуулж буй сөрөг үйл ажиллагааны нөлөөнөөс шууд хамаарч байгаа юм.

 

Цоохор ирвэс

 

 

Дэлхийд нийт 69 зүйлийн зэрлэг мий амьдардаг. Арслан, бар, ирвэс гэх мэт барсын төрлийн долоо, шилүүс мануул гэх мэт мийн төрлийн 62 зүйл мий бий. Барсын төрлөөс ирвэс, мийн төрлөөс шилүүс, мануул, цоохондой гэсэн дөрвөн зүйл зэрлэг мий Монгол оронд тархан амьдардаг. Дэлхийд ирвэс Алтай, Соён, Хангай, Тэнгэр уул, Гималайн уулсыг дамнан нийт 14 улсын нутагт байдаг байна. Ирвэсний тархалт нийт хуурай газрын 2 хувийг эзэлнэ. Монгол оронд Монгол Алтай, Хангай, Ханхөхий, Хархираа, Түргэн, Цагаан шувуутын уулсын өргөн уудам нутгаар нутагладаг. Мөн Алтайн өвөр говийн уудам нутгаар суурьших нь бий. Манай оронд ирвэс 700-1200 тоо толгойн  хооронд хэлбэлздэг. Голдуу харанхуй бүрэнхийд явж хоол тэжээлээ олно. Янгир, аргалиас гадна тарвага, туулай, огодой, хойлог, хахилаг, гэрийн мал ангуучилдаг байна. Ирвэс нь байгальд өөрийн идэш тэжээл болдог аргаль янгир гэх мэт амьтдын сүргийг эрүүл байлгах гол үүрэгтэй. Сул дорой, өвчин эмгэгтэй нь ирвэсэнд амархан баригддаг учир сүрэг нь эрүүл байдаг.

Монгол улс 1997 онд  нэн ховор амьтны ангилалд оруулж “Улаан ном”-д бүртгэжээ. 2006 онд “Ирвэс хамгаалах сан” ТББ байгуулагдсан бөгөөд нутгийн уугуул иргэдээр ирвэс хамгаалуулах ажил зохион байгуулж байгаа болно.Ирвэсийн тоо толгой буурахад нөлөөлсөн гол шалтгааны нэг бол замбраагүй агналт юм. Ирвэсийн арьсан хүрэм 60000 америк долларт хүрдэг гэнэ. Түүнчлэн Дорнын анагаах ухаанд эл амьтны яс болон бусад эрхтэн нь үнэтэй түүхий эд болдог тул сүүлийн үед ийм зорилготой хулгайн ав элбэг болжээ.  Биеийн бүтцийн хувьд жижгэвтэр толгойтой, богинохон хөвсгөр үстэй, биеийнхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй.Сүүл нь биеийнхээ тэнцвэрээ хадгалахад хэрэгтэйгээс гадна зулзагаа хамгаалж, хөнжил мэт хучихад ашигладаг ажээ. Ихэвчлэн цагаан шаргал өнгөтэй ба толгой дээрээ жижиг хар толботой.Дугуйдуу, жижиг чихтэйгээрээ энэ төрлийн бусад амьтнаас ялгардаг. Сүүлнийхээ хамт ойролцоогоор 2.5 метр урт, 60 см өндөртэй эл амьтны эрэгчин нь 35-40, эмэгчин нь 45-55 кг жинтэй.Ирвэсийн хэд хэдэн зүйл байдаг ба амьдрах орчин, нутгаасаа шалтгаалан өнгө, толбо болон биеийн хэмжээгээрээ ялгарна. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтантай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь “цэвэрлэгээ”-нд их хэрэгтэй. Ирвэс 18-20 жилийн настай.Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Сайтар ажиглавал ирвэсний арьсан дээрх толбо нүдийг нь санагдуулам харагддаг нь гайхалтай гэнэ.  Эл амьтан нь зундаа уулын өндөрлөгөөр нутагладаг бөгөөд өвөлдөө идэш тэжээлээсээ болоод бэл рүү буух нь элбэг юм. Ирвэсний гол дайсан нь хүн бөгөөд ховор тохиолдолд чонын сүрэгт бариулах нь элбэг юм. Нэг удаагийн харайлтаар зургаан метр хүртэл хол үсэрдэг эл амьтан ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа ,сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж, түүгээрээ 4-5 хоног хооллодог ажээ. Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдрах бөгөөд 160 орчим ам км нутгийг хянадаг. 12-3 сарын хооронд үржилд орох бөгөөд 100 өдөр хээлээ тээж, ихэнхдээ 2 зулзага төрүүлнэ. Зарим тохиолдолд 1-5 зулзага гаргах нь бий. Эмэгчин ирвэс төрөхөөсөө өмнө зулзагандаа хэвтэр засахын тулд өөрийнхөө ноосноос зулгаадаг ажээ. Дөнгөж төрсөн зулзага харах чадваргүй, 500 г жинтэй байна. Төрснөөсөө 5-6 хоногийн дараа нүдээ нээдэг бол 10 хоногийн дараа хөдөлгөөнд орж, явж эхэлнэ.Харин гадаад ертөнцтэй хоёр сарын дараа танилцаж, агуйгаас гарах бөгөөд энэ үеэс эх нь тэднийг махаар хооллож эхэлдэг. Гэхдээ дэлэнд сүү хурах хугацаа дөрвөн сар л үргэлжилнэ. Өөрөөр хэлвэл, дөрвөн сарын дараа эмэгчний сүү татарч, зулзаганууд махан хоолонд бүрэн шилждэг.

Чоно

 

 

Монгол орны бүхий л нутгаар тархсан амьтан. Чоно өглөөний нарнаар гүйдэл байрлалаа сольж, ан ав хийн гүйж хэвтэн, босч тоглож заавал бараа өгдөг. Тийм учраас анчид шар гэгээтэй уралдан отох, амдах зэрэг аргаар чоныг авладаг байна. Чоно нь малын гол дайсан учраас социализмын үед зориуд чонын ав зохион байгуулж жилд 5 мянган тоо толгойгоор багасгадаг байжээ. Одоогийн байдлаар монголд 30 гаруй мянган чоно байгаа ажээ. Монголчууд чоныг хийморьтой амьтан хэмээн дээдэлж, чонотой санаандгүй тааралдах юмуу чоно авласан хүн тэр жилдээ хийморьтой сайхан явна хэмээн ярьдаг.

 

Янгир

 

 

Дэлхий дээр 8 зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир юм. Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэнэ. Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ. Янгир хээлээ 6 сар орчим тээж, 5 дугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг гаргана. Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог.  

 

 

 

 

 

Төрөл: Ертөнц танин мэдэхүй
1079 удаа үзсэн | 2010-11-28
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/freetime/101128100001
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 1) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
1. FBI [2011-02-15 10:53:53 оруулав] Хаанаас: [202.170.69.67]
ene saixan amitadaa xairlan xamgaalax ni mongol xvn bvriin vvreg shv Mongolchuud aa!
Та эндээс амралт, чөлөөт цагийн талаар шинэ мэдээлэл авах болно.
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 
7. 
8. 
9. 
10. 
11. 
12. 
13. 
14. 
15. 
16. 
17. 
18. 
19. 
20. 
21. 
22. 
23. 
24. 
25. 
26. 
27. 
28. 
29. 
30. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats