Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гэрээт харуул хамгаалалт /цаашид "харуул хамгаалалт" гэх/-ын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж
2.1.Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1 "харуул хамгаалалт" гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг;
3.1.2."объект" гэж харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутгийг;
3.1.3."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр харуул хамгаалалт хийлгэж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг
3.1.4."харуул хамгаалалтын алба хаагч" гэж харуул хамгаалалтын байгууллагад харуул хамгаалалттай холбоотой тодорхой үүрэг гүйцэтгэж буй этгээдийг
3.1.5. "харуул хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалт болон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр энгийн жижүүр, манаачийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцаанаас бусад харуул хамгаалалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Харуул хамгаалалтын үйл ажиллагаа
5 дугаар зүйл.Харуул хамгаалалт эрхлэх
5.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.2.Харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/ олгоно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./
5.3.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулахааргүй техник хэрэгсэл ашиглаж болно.
5.4.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан галт зэвсэг болон тусгай хэрэгсэл олж авах, бүртгүүлэх, хэрэглэх, хадгалах, биедээ авч явах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, дохиоллын хэрэгсэл ашиглах журмыг чанд баримтална.
6 дугаар зүйл.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдэд тавих шаардлага
6.1.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь эрх, үүргээ хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хууль тогтоомжийн лавлагаатай байхаас гадна өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байна.
7 дугаар зүйл. Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд бүртгүүлэх
7.1.Харуул хамгаалалт эрхлэх байгууллага нь бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, холбогдох материал, алба хаагч тус бүрийн тодорхойлолт, эрүүл мэндийн магадлагааг аймаг,нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т ирүүлнэ.
7.2.Аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/ өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч харуул хамгаалалт эрхлэх хүсэлт гаргасан байгууллага энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан, 30 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, энэ тухай хариуг бичгээр мэдэгдэнэ. /Энэ зүйлд 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
8 дугаар зүйл.Харуул хамгаалалтын тухай гэрээ
8.1.Харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна.
8.2.Харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд дор дурдсан зүйлийг тусгана:
8.2.1.цагдаагийн байгууллагын бүртгэлийн болон татварын байгууллагаас олгосон гэрчилгээний дугаар, он, сар, өдөр; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
8.2.2.харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл;
8.2.3.харуул хамгаалалтын алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал;
8.2.4.хамгаалалтад авсан объектод нэвтрэн орох, гарах журам;
8.2.5.гэрээний хугацаа;
8.2.6.гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөх журам;
8.2.7.энэ хуулийн 12-17 дугаар зүйлд заасан талуудын эрх, үүрэг;
8.2.8. талуудын хүлээх хариуцлага;
8.2.9.гэрээг цуцлах нөхцөл, түүнээс үүсэх хариуцлага;
8.2.10.гэрээ байгуулсан он, сар, өдөр.
8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
8.4.Талуудын хооронд гарсан маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ. /Энэ
9 дүгээр зүйл.Харуул хамгаалалтын үйл ажиллагааны хязгаарлалт
9.1.Харуул хамгаалалтын байгууллага болон түүний алба хаагч дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
9.1.1.тодорхой хүний хувийн амьдрал, улс төр, шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоотой баримт мэдээ цуглуулах, хэвлэн нийтлэх;
9.1.2. харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх; /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./
9.1.3.үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийн тухай аливаа мэдээллийг иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн байгууллагад өгөх;
9.1.4.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан зэвсэг, тусгай хэрэгслийг албан үүрэг гүйцэтгэхээс бусад үед биедээ авч явах, хэрэглэх, албан үүрэг гүйцэтгэж байхдаа унтах, байр объектоо орхих, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, зэвсэг, хэрэгслээ бусдад шилжүүлэх.
10 дугаар зүйл.Харуул хамгаалалтын алба хаагчийн сургалтын агуулга,төлөвлөгөө
10.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудлыг цагдаагийн төв байгууллага хариуцна.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан сургалтын агуулга, төлөвлөгөө болон сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хууль зүйн болон гэгээрлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10.3.Хуулийн этгээд өөрийн зардлаар энэ хуулийн 10.1-д заасан сургалтад сонирхогч хүнээ суралцуулж болно.
11 дүгээр зүйл.Харуул хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг
11.1.Харуул хамгаалалтын алба хаагч ижил загварын дүрэмт хувцас, тухайн байгууллагын онцлогийг тусгасан ялгах тэмдэг хэрэглэх ба тэдгээрийн зардлыг харуул хамгаалалтын байгууллага хариуцна.
11.2.Дүрэмт хувцасны загвар болон ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллага тогтооно.
11.3.Харуул хамгаалалтын алба хаагч дүрэмт хувцсыг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх үед өмсөнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Харуул хамгаалалтын байгууллага, алба хаагч болон үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
12 дугаар зүйл. Харуул хамгаалалтын байгууллагын эрх
12.1.Харуул хамгаалалтын байгууллага дараахь эрхтэй:
12.1.1.хамгаалж байгаа эд хөрөнгө, объектын талаар шаардлагатай мэдээлэл авах;
12.1.2.хамгаалж байгаа эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон санал үйлчлүүлэгчид тавих;
12.1.3.хамгаалах эд хөрөнгө, объект нь гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол хүлээн авахаас татгалзах;
12.1.4.гадаад орны болон өөрийн орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
12.1.5.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад эрх.
13 дугаар зүйл.Харуул хамгаалалтын байгууллагын үүрэг
13.1.Харуул хамгаалалтын байгууллага дараахь үүрэгтэй:
13.1.1.харуул хамгаалалтын алба хаагчийг дүрэмт хувцас, ялгах тэмдэг, бусад хэрэгслээр хангах, хууль зүйн болон холбогдох сургалтад хамруулах;
13.1.2.тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг байгууллагынхаа хэмжээнд дагаж мөрдүүлэх;
13.1.3.харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах;
13.1.4.үйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
13.1.5.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.
14 дүгээр зүйл.Харуул хамгаалалтын алба хаагчийн эрх
14.1.Харуул хамгаалалтын алба хаагч дараахь эрх эдэлнэ:
14.1.1.хамгаалж байгаа объектод нэвтрэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд үйлчлүүлэгч болон холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх;
14.1.2.энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан эрх;
14.1.3.энэ хуулийн 19.1, 20.1-д заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх.
15 дугаар зүйл.Харуул хамгаалалтын алба хаагчийн үүрэг
15.1.Харуул хамгаалалтын алба хаагч дараахь үүрэг хүлээнэ:
15.1.1.хамгаалах эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал, лац ломбыг шалгаж хүлээн авах, хүлээлгэж өгөх, хэрэв эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал алдагдсан, лац ломбо хөдөлсөн байвал энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх;
15.1.2.хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг байнга шалгаж, хяналт тавьж ажиллах;
15.1.3.хамгаалж байгаа объектод эд хөрөнгө болон бусад зүйлийг оруулж гаргахыг үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгүүлж энэ тухай тэмдэглэл хөтлөн тухайн хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулах;
15.1.4.албан үүргээ гүйцэтгэхийн өмнө болон гүйцэтгэсний дараа галт зэвсэг, тусгай хэрэгслийг тусгайлан зассан байранд шалгаж хүлээн авах, хүлээлгэн өгөх;
15.1.5.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.
16 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх
16.1.Үйлчлүүлэгч дараахь эрх эдэлнэ:
16.1.1.харуул хамгаалалттай холбогдсон асуудлаар өөрийн ажилтан болон харуул хамгаалалтын алба хаагчид хууль ёсны шаардлага тавих;
16.1.2.харуул хамгаалалтын үйл ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах талаар санал гаргах;
16.1.3.харуул хамгаалалтын байдал, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
16.1.4.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад эрх.
17 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн үүрэг
17.1.Үйлчлүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:
17.1.1.харуул хамгаалалтын алба хаагчийн гүйцэтгэх үүргийг танилцуулж, заавар, зөвлөмжөөр хангах, шаардлагатай бол зохих баталгаа гаргуулах;
17.1.2.харуул хамгаалалтын алба хаагчид өөрийн байгууллагад гарсан өөрчлөлт, хөдөлгөөнийг цаг тухайд нь мэдэгдэж байх;
17.1.3.харуул хамгаалалтын алба хаагчийг гэрээнд заасан ажиллах нөхцөлөөр хангах;
17.1.4.байгууллагынхаа холбогдох ажилтнуудын хаягийн бүртгэл, хамгаалалтад байгаа объектод байнга нэвтрэх эрх бүхий хүмүүсийн болон эд хөрөнгөтэй харьцах, тэдгээрийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүсийн нэрсийг өгөх;
17.1.5.хамгаалалтад авагдсан байр, өрөө, тасалгааг цоожтой байлгаж, ажлын бус цагаар цоожлон лацдаж, түлхүүрийг харуул хамгаалалтын алба хаагчид хүлээлгэн өгөх;
17.1.6.мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийг зориулалтын авдар, хайрцагт хадгалах;
17.1.7.хамгаалж байгаа эд хөрөнгө, объектын хамгаалалтад шаардагдах гал унтраах болон бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гэрэлтүүлэгчээр хангах;
17.1.8.эд хөрөнгө, объектын хамгаалалтын талаар цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
17.1.9.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.
18 дугаар зүйл.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл
18.1.Харуул хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ албаны нохой болон галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл , зэвсэггүй тулалдах мэх хэрэглэж болно.
19 дүгээр зүйл.Галт зэвсэг хэрэглэх
19.1.Хамгаалж байгаа эд хөрөнгө, объект болон өөрт нь шууд заналхийлж зэвсэг хэрэглэсэн, эсхүл бүлэглэн халдсан тохиолдолд харуул хамгаалалтын алба хаагч аргагүй хамгаалалтын хүрээнд галт зэвсэг хэрэглэж болно.
19.2.Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст энэ хуулийн 19.1-д зааснаас бусад тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг хориглоно.
19.3.Харуул хамгаалалтын алба хаагч бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.
19.4.Галт зэвсэг хэрэглэснээс хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол харуул хамгаалалтын алба хаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.
19.5.Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах зааврыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
20 дугаар зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх
20.1.Харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол харуул хамгаалалтын алба хаагч мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно:
20.1.1.гав;
20.1.2.хүлэг;
20.1.3.резинэн ба цахилгаан бороохой;
20.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
20.1.5.резинэн ба хуванцар сумтай буу.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл
21 дүгээр зүйл.Харуул хамгаалалтын үйл ажиллагаанд тавих хяналт
21.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.
21.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зохих баримт бичиг шаардан гаргуулах, тодорхойлолт авах эрхтэй.
22 дугаар зүйл.Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1.Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх түүнд дараахь шийтгэл ногдуулна:
22.1.1.бүртгүүлэлгүйгээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээдийг 200000-250000 хүртэл төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого, техник хэрэгслийг хураах; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
22.1.2.энэ хуулийн 5.4, 9.1.1, 9.1.2, 9.1.3-ыг зөрчсөн гэм буруутай харуул хамгаалалтын алба хаагчийг 10000-50000, албан тушаалтныг 35000-60000 хүртэл төгрөгөөр торгох.
23 дугаар зүйл. Харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
23.1.Харуул хамгаалалтын байгууллага энэ хуулийн 9.1.2-ыг зөрчсөн болон цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдвол аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/ харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай холбогдох байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


/Энэ хуулинд 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлт тусгагдсан./
684 удаа үзсэн | 2010-02-24
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/law/100224100018
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
Та эндээс хууль эрх зүй, гэрээний талаар шинэ мэдээлэл авах болно.
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 
7. 
8. 
9. 
10. 
11. 
12. 
13. 
14. 
15. 
16. 
17. 
18. 
19. 
20. 
21. 
22. 
23. 
24. 
25. 
26. 
27. 
28. 
29. 
30. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats