Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын З1-ний өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж
1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
21 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/”даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;
2/“нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
3/”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;
4/”нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;
5/”нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг;
6/”тэтгэврийн төрлийг сонгох эрх” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг;
7/”шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;
8/“тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;
9/“тэтгэмж” гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;
10/“төлбөр” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг;
11/“рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардал” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувиллын газар эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох төлбөрийг.
12/“хуримтлалын сан” гэж нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/  /Дээрхи 21 дугаар зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
3 дугаар зүйл. Нийгмийн даатгал, түүний төрөл
1. Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.
2. Нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ:
1/ тэтгэврийн даатгал;
2/ тэтгэмжийн даатгал;
3/ эрүүл мэндийн даатгал;
4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;
5/ ажилгүйдлийн даатгал.
4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
1. Нийгмийн даатгал нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
2.Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан заавал даатгуулна:
1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгуулага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
2/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
3/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;
4/хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн. /4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана. /Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд заавал даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5-д зааснаас бусад төрлийн даатгалд заавал даатгуулна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулах гэрээ
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт хамрагдах даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна.
6 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх
1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.
2.Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. /Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.
7 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж сонгон авах
Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй /Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох шийдвэр
1. Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.
2. Өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Нийгмийн даатгалын сан
9 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн төрөл
Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна: /Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
1/ тэтгэврийн даатгалын сан;
2/ тэтгэмжийн даатгалын сан;
3/ эрүүл мэндийн даатгалын сан;
4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;
5/ ажилгүйдлийн даатгалын сан.
10 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр
1. Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
2/ ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
3/ сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4/ нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги;
5/ улсын төсвөөс олгох хөрөнгө; /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6/ бусад эх үүсвэр.
2. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт
1. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу дор дурдсан зориулалтаар зарцуулна:
1/ тэтгэвэр, тэтгэмж олгох;
2/ нийгмийн даатгалын байгууллага, үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3/ хууль тогтоомжид заасан бусад төлбөр, зардлыг санхүүжүүлэх.
2. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хассан/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Хуримтлалын сангаас Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн жил бүрийн төсөвт тусгаж, Улсын Их Хурал батална. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг батлах
1.Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална. /Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг тухайн жилийн улсын төсвийн төслийн хамт Засгийн газарт мэдүүлнэ.
Засгийн газар нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг улсын төсвийн төслийн хамт Улсын Их Хуралд 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор өргөн мэдүүлнэ. /Энэ 2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
3. Нийгмийн даатгалын тодорхой төрлийн санд улсын төсвөөс энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн үүргийн дагуу тэтгэвэр, тэтгэмжид олгох хөрөнгийг жил бүр Төсвийн тухай хуулиар тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар батлагдсан хөрөнгийг сангийн яам сарын хуваарийн дагуу тухайн сарын эхний 1О хоногт багтаан зохих санд шилжүүлж байна. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах
1. Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын сан тус бүрийн орлого, зарлагын байдалд хяналт тавьж, тайлан тэнцлийг дор дурдсан хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж Үндэсний зөвлөлд тайлагнаж байна:
1/ нийгмийн даатгалын сан тус бүрийн орлого, зарлагын тайланг сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага улирлын дараа сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагад, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага тухайн улирлын дараа сарын 25-ны дотор нийгмийн даатгалын төв байгууллагад тус тус ирүүлнэ; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/ нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын сан тус бүрийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 10-ны дотор; жилийн эцсийнхийг дараа оны 2 дугаар сарын 25-ны дотор тус тус нэгтгэн санал, дүгнэлтийн хамт Үндэсний Зөвлөлд оруулна; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3/ Үндэсний зөвлөл нь улирлын тайланг дараагийн улирлын сүүлийн сарын 1О-ны дотор, жилийн тайланг дараагийн жилийн 1 дүгээр улиралд багтааж хянан хэлэлцэнэ.
2. Нийгмийн даатгалын сан тус бүрийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдэл /зарлагаас давсан орлого/-ийг зайлшгүй шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын зохих дээд шатны байгууллага тухайн төрлийн санд нь улиралд 1 удаа төвлөрүүлж болно. Хэрэв уг үлдэгдлийг дараагийн сар, улиралд шилжүүлэн зарцуулах шаардлагатай бол нийгмийн даатгалын зохих дээд шатны байгууллагын
зөвшөөрөл авна.
3.Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.1-д заасан тайланд тусгаж, Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тайлан, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн бүртгэл, тайлан
1. Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллага даатгалын бүх төрлийн санд төлсөн шимтгэлийн хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр тэдэнд олгосон нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.
2. Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх , тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Нийгмийн даатгалын шимтгэл
15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ,төлөх хугацаа
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:
Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 7.0 7.0
Тэтгэмжийн даатгал 0.5 0.5
Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0
Ажилгүйдлийн даатгал 0.5 0.5
Шимтгэлийн дүн 10.0 10.0
/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэврийн даатгалд 10 хувиас, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1,0 хувиас багагүй байна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл /хураамж/-ийн хувь хэмжээг Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиар тогтооно.
4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарагдах даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө.
5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6. Ажлын байрны нөхцлийн ажиллагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хөдөлмөрийн халуун, газрын доорх нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажилаж байгаа Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
16 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам
1. Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно.
З. Хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сарын төлөх шимтгэлийг дараа сарын 5-ны дотор төлсөн байна. Шимтгэл төлөх, тайлагнах эцсийн хугацаа нийгмийн даатгалын төрөл бүрт нэг адил байна. Хэрэв энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр шимтгэлийг төлж тайлагнана.
4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, мөн зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ.
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын байгууллага болон аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан хувь хэмжээ, журмын дагуу нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлээ даатгагчтай байгуулсан гэрээнд заасны дагуу өөрөө төлнө.
7.Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
17 дугаар зүйл. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг
1. Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;
2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;
3/ нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах;
4/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага,албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар даатгагчтай байгуулсан гэрээнд заасан үүрэг хүлээнэ.
18 дугаар зүйл. Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох
1. Шимтгэл төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:
1/ даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон;
2/ ажил олгогч татан буугдсан, дампуурсан;
3/ даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон;
4/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.
2. Ажил олгогч нэгдэх,салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ.
3. Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч гомдол гаргах нь шимтгэл төлөх үүргийг зогсоох буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй. Гагцхүү уг гомдлыг хянаж байгаа тухайн шатны шүүхийн шийдвэрээр шимтгэл төлөхийг түдгэлзүүлэн зогсоож болно.
4. Ажил олгогч дампуурсан буюу өөр үндэслэлээр татан буугдсан бол татан буулгах комисс буюу нэхэмжлэгчдийн зөвлөл нь төлөгдөөгүй шимтгэлийг уг ажил олгогчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж нийгмийн даатгалын зохих санд оруулна.
19 дүгээр зүйл. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх талаар эдлэх эрх
Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ:
1/ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-ын шалгалтын акттай танилцах, шаардлагатай бол тайлбар хийх;
2/ шимтгэл оногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;
3/ нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;
4/ илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах;
5/ нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах.
20 дугаар зүйл. Хариуцлага
1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ:
1/ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; /Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2/ дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; /Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтын шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; гэсэн хэсгийг үйлчлэлгийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоосон/
3/ тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойшхи хугацааны хоног тутамд О,1 хувийн алданги ногдуулах боловч алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтэрч болохгүй;
4/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна; /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
5/нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, ашигласан бол хууль бус олсон орлого, эд зүйлсийг хурааж, албан тушаалтныг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна; /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
6/даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна; /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
7/ хууль тогтоомжид заасан бусад хариуцлага. /Энэ заалтын дугаар 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчилсөн/. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
З. Тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк, санхүү, нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлөх бөгөөд буруутай албан тушаалтанд 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчид энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2,З дахь хэсэг хамаарна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Нийгмийн даатгалын байгууллага
21 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо
1. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага /Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар/, орон нутгийн салбар нэгж, /төлөөлөгч, байцаагч/-аас бүрдэнэ. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана.
З. Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
22 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага
1. Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана.
2. Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
З. Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө. /Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт орсон. Мөн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
2З дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны зарчим
Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.
24 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг
Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2/ нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
3/ нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
4/ улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
5/ доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
6/ хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
25 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын эрх.
1. Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ:
1/ анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах;
2/ тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох;
3/ нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах;
4/ илүү төлсөн шимтгэлийг дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд суутган тооцох буюу шимтгэл төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор эгүүлэн олгох;
5/ шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн,шимтгэлийн мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
6/ нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
7/ нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулах.
26 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага
1. Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.
Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ:
1/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах ;
2/ зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
3/ шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
4/тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах; /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/ ажил олгогч болон даатгуулагчид энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
6/ даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
7/байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах; /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
8/ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
9/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх. /Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
З. Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
261 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байцаагчийн нийгмийн баталгаа, мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл
1.Нийгмийн даатгалын байцаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламжийг олгоно:
1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.
2.Энэ хуулийн 261.1.3-т заасан буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага олгож, хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.
3.Нийгмийн даатгалын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байна. Мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.
4.Нийгмийн даатгалын байцаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгож болно. Нийгмийн даатгалын байцаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар тогтооно.
5.Нийгмийн даатгалын байцаагч нь үйлчилгээний онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг үнэ төлбөргүй хэрэглэнэ. Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын тусгай хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг нийгмийн даатгалын төв байгууллага батална. /261 дугаар зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
27 дугаар зүйл. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл
1. Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
1/ Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн;
2/ даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн;
3/ ажил олгогчийг төлөөлсөн З хүн.
Үндэсний зөвлөлийн дэд даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс 2 жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлийн дарга томилно. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16, 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиудаар өөрчлөн найруулсан/
Үндэсний зөвлөл ажлын албатай байна.
/Дээрх 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
З. Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
2/ /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
4/ нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;
5/ нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;
6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/ нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;
8/ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд хяналт тавих;
9/ нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;
10/ хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно. Цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
ТАВДУГААР БҮЛЭГ Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа
28 дугаар зүйл. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны тухай ойлголт
1.Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэнэ.
2.Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
29 дүгээр зүйл. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг эрхлэх байгууллага
1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрхлэн гүйцэтгэнэ.
2. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно.
З. Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана.
Суманд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс байгуулан ажиллуулж болно.
4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газар батална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Бусад заалт
30 дугаар зүйл. Нийгмийн даатгалын баримт бичиг
1. Даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна.
2. Татварын албаны төв, орон нутгийн байгууллагад хууль ёсоор бүртгэгдэж, шимтгэл төлдөг ажил олгогч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээтэй байна.
301 дүгээр зүйл. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс
1. 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байна.
2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны харилцааг хуулиар зохицуулна. /Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
31 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх
1.Нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ.
2.Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлэх нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. /Дээрхи 31 дүгээр зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого
1.Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна:
1/Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор;
2/Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс;
3/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого;
4/аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого. /Энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/. /32 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
33 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
837 удаа үзсэн | 2010-02-25
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/law/100225100009
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
Та эндээс хууль эрх зүй, гэрээний талаар шинэ мэдээлэл авах болно.
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 
7. 
8. 
9. 
10. 
11. 
12. 
13. 
14. 
15. 
16. 
17. 
18. 
19. 
20. 
21. 
22. 
23. 
24. 
25. 
26. 
27. 
28. 
29. 
30. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats