Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

2005 оны 01 сарын 28 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, тараах, улсын бүртгэлд бүртгэх, намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Намын тухай хууль тогтоомж
2.1. Улс төрийн намын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Намд эвлэлдэн нэгдэх Монгол Улсын иргэний эрх
3.1. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
3.2. Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна.
3.3. Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг мөшгөн хавчих, заналхийх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно.
3.4. Хуульд заасны дагуу төрийн зарим албан хаагчийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.
3.5. Намд албадан элсүүлэх болон намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно.
3.6 Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл түүнд давуу байдал олгох үндэслэл болохгүй.
3.7. Иргэний хувийн байдлыг тодорхойлсон аливаа албаны бичиг баримтад хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.
4 дүгээр зүйл. Намын тухай ойлголт
4.1. Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.
4.2. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно.
5 дугаар зүйл. Намын үйл ажиллагааны зарчим
5.1. Нам үйл ажиллагаандаа дараахь нийтлэг зарчмыг баримтална:
5.1.1. ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх;
5.1.2. үйл ажиллагаагаа ил тод явуулах;
5.1.3. гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох;
5.1.4. дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх;
5.1.5. бусад намын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс үл оролцох, өөрийн үзэл баримтлалыг тулган шаардахгүй байх;
5.1.6. үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах;
5.1.7. Монгол Улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх.
6 дугаар зүйл. Намын нэр
6.1. Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.
6.2. Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно.
6.3. /Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/.
7 дугаар зүйл. Намын гишүүний болон төрийн албан хаагчийн үүргийг зааглах
7.1. Намын зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглоно.
7.2. Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хуулийг чанд баримтлах бөгөөд албан тушаалынхаа эрх мэдлийг аль нэгэн намын эрх ашигт нийцүүлэн ашиглахыг хориглоно.
7.3. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өөрийн албан тушаалын хүрээнд хамаарах албан үүрэг гүйцэтгэхдээ аль нэг намын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах, сурталчилгаа хийх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно.
7.4. Нам шашны байгууллагын үйл ажиллагаанд болон боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Нам байгуулах
8 дугаар зүйл. Нам үүсгэн байгуулах
8.1. Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид “үүсгэн байгуулах хурал” гэх/-аар үүсгэн байгуулна.
8.2. Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.
8.3. Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна.
8.4. Намыг үүсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
8.4.1. намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах;
8.4.2. намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах;
8.4.3. намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;
8.4.4. нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.
8.5. Намыг үүсгэн байгуулах хурлаас нам үүсгэн байгуулсан тухай шийдвэр гарсан өдрийг тухайн нам үүсэн байгуулагдсан өдөрт тооцох бөгөөд энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.
8.6. /Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/.
8.7. Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
9 дүгээр зүйл. Намыг улсын бүртгэлд бүртгэх
9.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1-д заасны дагуу тухайн нам үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэх байгууллагаас баталсан маягтын дагуу бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргана.
9.2. Бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.2-т заасан мэдээллийг тусгана.
9.3. Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
9.3.1. намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл;
9.3.2. намын нэр, бэлгэдэл, далбаа;
9.3.3. намын дүрэм;
9.3.4. намын мөрийн хөтөлбөр;
9.3.5. намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаяг;
9.3.6. /Энэ заалтыг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
9.3.7. намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/;
9.3.8. намын санхүүгийн асуудал эрхэлсэн эрх бүхий удирдах ажилтан /менежер, ерөнхий нягтлан бодох/-ны бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, оршин суугаа газрын болон гэрийн хаяг, гарын үсэг/
9.3.9. намын хөрөнгийн мэдээ;
9.3.10. хуульд заасан бусад баримт бичиг.
9.4. Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 6; 9.2- 9.3-т заасан зүйлийг нягтлан үзэж, ажлын 30 хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох бөгөөд энэ тухай нийтэд мэдээлнэ.
9.5. Улсын дээд шүүх намыг бүртгэхдээ энэ хуулийн 9.3-т болон холбогдох хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
9.6. Хуульд заасан шаардлагыг хангаж улсын бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй.
10 дугаар зүйл. Намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах
10.1. Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:
10.1.1. намын дүрэм, хөтөлбөр нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;
10.1.2. энэ хуулийн 4.2-т заасан үндэслэл байгаа бол;
10.1.3. гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн;
10.1.4. /Энэ заалтыг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
10.1.5. энэ хуулийн 6 дугаар зүйлийг зөрчин нэр хэрэглэсэн;
10.1.6. хуульд заасан бусад үндэслэл.
10.2. Улсын дээд шүүх тухайн намыг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг энэ хуулийн 9.4-т заасан хугацаанд гаргах бөгөөд уг шийдвэрт татгалзсан үндэслэлээ тодорхой заана. Энэхүү шийдвэрийг зохих этгээдэд албан ёсоор мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Намын зохион байгуулалтад тавих шаардлага
11 дүгээр зүйл. Намын дүрэм
11.1. Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна.
11.2. Намын дүрэмд дараахь нийтлэг зүйлийг тусгана:
11.2.1. тухайн намын өөрийн тодорхойлолт;
11.2.2. намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбаа;
11.2.3. гишүүний эрх, үүрэг;
11.2.4. анхан шатны байгууллагыг байгуулах тухай;
11.2.5. намын Их болон бусад хуралд төлөөлөгч сонгох, оролцох, удирдах болон хяналтын байгууллага байгуулах, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай;
11.2.6. намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам;
11.2.7. намыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай журам, дэг;
11.2.8. сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, хүйсийн тэгш байдлыг хангах зарчим;
11.2.9. санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журам.
12 дугаар зүйл. Намын мөрийн хөтөлбөр
12.1. Нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байна.
13 дугаар зүйл. Намын байгууллага
13.1. Намын удирдах дээд байгууллага нь намын Их Хурал байна.
13.2.Дараахь асуудлыг зөвхөн намын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ:
13.2.1. намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах;
13.2.2. намын төлөөллийн төв болон хяналтын төв байгууллагын тайланг хэлэлцэх, тэдгээрийн бүрэлдэхүүнийг сонгох;
13.2.3. намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, намын нэрийг өөрчлөх.
13.3. Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна.
13.4. Намын Их Хурлаар батлагдсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно.
13.5. Намын төлөөллийн төв байгууллага өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг байгуулан ажиллуулна.
13.6. Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна.
13.7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
13.8. Намын орон нутгийн төлөөллийн байгууллагыг нууц санал хураалтаар сонгож байгуулна. 
13.9. Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/ 
14 дүгээр зүйл. Намын эрх
14.1. Нам дор дурдсан эрхтэй байна:
14.1.1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох;
14.1.2. жагсаал, цуглаан болон бусад үйл ажиллагааг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;
14.1.3. намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
14.1.4. хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүтэц, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;
14.1.5. өөрийн өмч хөрөнгөтэй байх;
14.1.6. үндэсний эрх ашигт харшлахгүйгээр бусад орны нам, олон улсын байгууллагатай харилцах, холбоо тогтоох;
14.1.7. хуульд заасан бусад эрх.
15 дугаар зүйл. Намыг өөрчлөн байгуулах, нам нэрээ өөрчлөх
15.1. Намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно.
15.2. Хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлэх, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэх тухай асуудлыг намын гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намын Их Хурлуудаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
15.3. Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, гишүүдийн намын харьяалал, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ.
15.4. Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болох бөгөөд нийлсэн намуудын нэртэй холбогдсон харилцааг энэ хуулийн 6.3-т зааснаар зохицуулна. Энэ тохиолдолд нийлсэн намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүссэн өдрийг тодорхойлно.
15.5. Нэг нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.
15.6. Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.
15.7.Бүртгэх байгууллага өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагаагаа зогсоосон намын гэрчилгээг хүчингүйд тооцож, уг нам улсын бүртгэлээс хасагдсаныг нийтэд мэдээлнэ.
15.8. Намыг өөрчлөн байгуулахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
Намын санхүүжилт
16 дугаар зүйл. Намын хөрөнгө, орлого
16.1. Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.
16.2. Намын хөрөнгөд дараахь зүйл хамаарна:
16.2.1. гишүүний татвар;
16.2.2. гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив;
16.2.3. төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
16.2.4. намын бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа эд юмс;
16.2.5. намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны орлого;
16.2.6. өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого;
16.2.7. намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү.
16.3. Энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас бусад хэлбэрээр ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
17 дугаар зүйл. Намын орлогын зарцуулалт
17.1. Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд тусгагдсан үйл ажиллагаа явуулахад зарцуулна.
17.2. Намын орлогыг өөр зүйлд зарцуулах, гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахыг хориглоно.
18 дугаар зүйл. Гишүүний татвар, намд өгөх хандив
18.1. Гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно.
18.2. Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна.
18.3. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно.
18.4. Нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна.
18.5. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.
18.6. Сонгуулийн үйл ажиллагаанд зориулж намд өргөсөн хандивын асуудлыг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.
18.7. Дараахь этгээдээс хандив авахыг хориглоно:
18.7.1. арван найман насанд хүрээгүй Монгол Улсын иргэн;
18.7.2. төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага;
18.7.3. шашны байгууллага;
18.7.4. олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн;
18.7.5. байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
18.7.6. тодорхой нэр хаяггүй этгээд;
18.7.7. дампуурсан болон банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
18.7.8. хуулиар хориглосон бусад этгээд.
18.8. Олон улсын байгууллага болон улс төрийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага, сантай хамтран зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн санхүүжилт энэ хуулийн 18.7.4-т хамаарахгүй.
19 дүгээр зүйл. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг
19.1. Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.
19.2. Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.
19.3. Энэ хуулийн 19.1, 19.2-т заасан мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна.
20 дугаар зүйл. Намын санхүүгийн хяналт
20.1. Намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.
20.2. Намын төв байгууллага нь харьяа байгууллагын санхүүгийн тайлан гаргасны дараа нэгдсэн тайлан гаргана.
20.3. Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.
20.4. Намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, ерөнхий менежер, түүнтэй адилтгах албан тушаалтан нь аль нэгэн улс төрийн сан, нийгэмлэг, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүтэй холбогдсон ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.
20.5. Намын дарга намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно.
20.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон нөхөн сонгуулийн зардлын тайланг гаргахтай холбогдох харилцааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.
21 дүгээр зүйл. Намын үйл ажиллагаанд тавих хяналт
21.1. Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.
21.2. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ТАВДУГААР БYЛЭГ
Бусад зүйл
22 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудал бүхий намын эрх
22.1. Улсын Их Хуралд суудал бүхий нам дараахь эрхтэй:
22.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн гишүүн, дэмжигчдээсээ нэр дэвшүүлэх;
22.1.2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаархи асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах;
22.1.3. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих;
22.1.4. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх.
23 дугаар зүйл. Намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах
23.1. Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
23.2. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
24.1. Намын тухай хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.2. Намын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны хариуцлагыг шүүгч ногдуулна:
24.2.1. энэ хуулийн 3.5 дахь заалтыг зөрчиж иргэнийг намд элсүүлэх болон түүнээс гарахыг албадсан, шахалт үзүүлсэн бол албан тушаалтанд 30000-60000 хүртэл төгрөгийн, иргэнд 20000-40000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.2. энэ хуулийн 3.7 дахь заалтыг зөрчиж иргэний зөвшөөрөлгүйгээр намын харьяаллыг нь тодорхойлсон бол албан тушаалтанд 20000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.3. энэ хуулийн 16.3-т заасныг зөрчин хуулиар хориглосон бусад хэлбэрээр ашиг олсон бол олсон ашгийг хурааж, албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 200000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.4. энэ хуулийн 17.2-т заасныг зөрчин намын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх, өөр зүйлд зарцуулсан бол албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 200000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.5. энэ хуулийн 18.2, 18.3-т заасныг зөрчсөн бол данснаас гадуур авсан болон илүү авсан хандивыг хурааж, албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 200000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.6. энэ хуулийн 18.7-д заасан этгээдээс хандив авсан бол хандивыг хурааж, тухайн намд 200000-250000 хүртэл төгрөгийн, албан тушаалтанд 50000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах.
24.2.7. энэ хуулийн 20.3-т заасныг зөрчин намын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхээс зайлсхийсэн, аудит хийлгэн баталгаажуулсан боловч нийтэд мэдээлээгүй бол албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 100000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.8. энэ хуулийн 20.4-т заасныг зөрчин ажил, албан тушаал эрхэлсэн бол албан тушаалтанд 50000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
24.2.9. энэ хуулийн 20.5-д заасныг зөрчсөн бол албан тушаалтанд 50000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах.
24.3. Нам улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
24.4. Нам нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь гаргаагүй, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгалаагүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН
404 удаа үзсэн | 2010-02-27
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/law/100227100004
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
Та эндээс хууль эрх зүй, гэрээний талаар шинэ мэдээлэл авах болно.
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 
7. 
8. 
9. 
10. 
11. 
12. 
13. 
14. 
15. 
16. 
17. 
18. 
19. 
20. 
21. 
22. 
23. 
24. 
25. 
26. 
27. 
28. 
29. 
30. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats