1. Бидний амьдран буй дэлхий ертөнц маань одоогийн байдлаар эдийн засгийн хямрал, хүн амын хэт өсөлт, байгалийн баялгийн хязгаарлагдмал байдал, хоол хүнсний нөөцийн хомсдол, зэрэг маш олон дааж давашгүй асуудлуудтай тулгарч, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг та бүгд харж байгаа байх. Мэдээлэл холбоо өндөр хөгжсөн энэ үед аливаа нэг өчүүхэн цуурхал ч дэлхий ертөнцийг хамарсан хямралд хүргэж болохоор болсон нь маш бодитой зүйл юм. Миний ажигласанаар "2012 оны дэлхийн сүйрэл" хэмээн домог мэт яригдах болсон шуугиан нь хэрэв үнэхээр биеллээ гэхэд дэлхийг ямар нэг од гариг мөргөж ч юм уу, эсвэл ямар нэг цунами, газар хөдлөлтөөс үүсэх нь юу л бол... Харин хүмүүс сэтгэлзүйн хямралаасаа болж өөрөө өөрсдийгөө устгаж тэрхүү сүйрэлд хүргэж мэдэхээр байна. Мэдээж хэрэг Монголчууд бид нар ч гэсэн энэ дэлхийн нэгэн хэсэг болохоор энэхүү хямралаас хаашаа ч зугтах аргагүй бөгөөд энэхүү хямралын нөлөө та бидэнд хүчтэй мэдрэгдэж байгааг цохон дурдах хэрэгтэй.
2. Улс орны хэмжээнд стресс хямралын түвшин их өндөр байна. Массаараа буюу олон нийтээрээ хямралтай байгаа болохоор улс орны эдийн засгийн савлагаа хүчтэй явагдаж байна. Энэ нь ямарваа цуурхлыг маш хүчтэйгээр тархах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг юм. Эдийн засгийн савалгаа их байгаа нь хүмүүсийн стрессийн түвшинг ихэсгэж улмаар хүмүүсийн улс орныхоо эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл алдаж байна. Үүнийг бид өнөө үед ихэнх хүмүүс дотоодын тогтворгүй, үнэгүйдсэн валютаас татгалзаж, мөнгөө хатуу валют болгох эсвэл материаллаг зүйлд хөрөнгө оруулахыг илүүд үзэж байгаагаас олж харж болох юм. Энэхүү хүмүүсийн бэлэн мөнгөтэй байхаас эмээх үзэгдэлийн тод жишээ нь хүн бүр машин худалдан авч байгаа явдал юм. Хүн бүр машинтай болохыг хүссэнээс машин тэрэгний үнэ өсөж, замын ачаалал, түгжээ дээд цэгтээ хүрч, тэр хэрээрээ машин тэрэгний шатхууны хэрэглээ өдрөөс өдөрт ихэссээр байна. Үүнээс үүдэж машин тэрэгний гаргах утаа нь дуусдаггүй сэдэв болсон хотын утааны хэмжээг гамшгийн түвшинд хүргэхэд нь үнэтэй хувь нэмэрээ оруулж байна. Мөн үүнийг дагаад бензин тосны хэрэгцээ ихэсч үнэ нь өссөнөөр, тээврлэлтийн зардалыг ихэсгэж цаашлаад эд матриал, хоол хүнс бүхий л зүйлсийн үнийн өсөлтийг бий болгож байна. Үүнтэй нэгэн адил бэлэн мөнгийг аль болох баталгаатай болгох гэсэн хүслээсээ болоод хүмүүс өөрсдөө байр орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үнийн өсөлт бий болох нөхцлийг нь бүрдүүлж байгаа юм. Үүнээс үүдэж үндэсний валют үнэ цэнээ улам бүр алдаж байна. Хэрэв үндэсний валют үнэ цэнээ алдвал улс орон дампуурахад хүрнэ.
3. Стресс хямралтай хүн аливаа зүйлийг сайтар бодож тунгаах чадвараа алддаг. Иймд тэд үргэлж зөв буруу, бодлогогүй алхамуудыг ихээр үйлддэг байна. Нийгэм тэр чигээрээ хямралтай байгаагаас хүний хөдөлмөрийн бүтээмж ихээр буурч, дарамт ачаалал нэмэгдэж улмаар хүмүүс маш завгүй байдалд орсон мэт сэтгэгдэлийг өөрсөддөө төрүүлж байна. Үүнээс үүдэн хүмүүс өөртөө болон гэр бүлдээ цаг заваа зөв зарцуулаж чадахгүй, хувийн амьдралдаа бүгд их бага, байнгын асуудалтай байгаа нь өөрийн хамар доорхоос цаашихыг харж чадахгүй болоход хүргэж байна. Эндээс иргэд улс орны байдлын ерөнхий зураглалыг олж хараад, өөрийн чадлаар боломжит өөрчлөлтийг оруулахын оронд улам бүр бухимдан өөрсдийнхөө нөхцөл байдалыг хүндрүүлсээр байна.
4. Хүн ардын эрүүл мэндийн байдал маш ноцтой түвшинд хүрээд байна. Манай улсын эрүүл мэндийн бодлого Сэтгэлзүйн салбарыг орхигдуулснаас үүдэж хүн амын өвчлөлийн хэмжээ маш өндөр түвшинд хүрээд байна. Үүгээр зогсохгүй сэтгэлзүйн асуудлаас үүссэн өвдөлтийг физиологийн аргаар буюу эм тариагаар эмчлэх гэсэн оролдлого нь байдалыг улам дордуулж байгааг одооноос анхаарахгүй бол оройтох аюултай. Үүнээс үүдэж хүний дархлаа улам муудаж, энгийн цаг агаарын өөрчлөлтөнд ч эмзгээр ханддаг болсон анзаарагдах боллоо.
5. Улс төрчид өөрсдийн хувийн PR дээр хэтэрхий их ажилласанаас болж төрийн нэр хүнд маш муу болсон байна. Төрийн нэр хүнд унахаар, нэр төр муутай төрөөс гаргасан ямар ч үйлдэл ард түмэнд сөргөөр ойлгогдож байна. Нэгэнт нэр хүндгүй болсон төрд ажилладаг улс төрч хичнээн хувийн PR хийгээд ирээдүйгүй гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Эндээс харахад төр засагт байгаа хүмүүс маань мөн адил сэтгэлзүйн боловсрол дутмаг болох нь илт харагдаж байна.
6. Гэр бүл салалт маш өндөр хувьтай байна. Энэ нь гурван хүчин зүйлээс шалтгаалж байгаа бөгөөд
1) Хүмүүс хувийн амьдралаа буруу эхэлж байгаагаас болж гэр бүлийн амьдралаасаа хайр халамжийг дутуу мэдэрч байна. Үүнээсээ болж араар тавих, янхандах хэлбэрээр сэтгэл ханамжгүй байдлаа нөхөх гэж оролдож байгаа нь гэр бүл салалтын нэг томоохон хүчин зүйл нь болж байгаа юм..
2) Тасралтгүй үүсэх үнийн хөөрөгдөлт болон хөдөлмөрийн хөлсний үнэгүйдэлтээс үүссэн ажилгүйдэл мөн үүнээс үүсэх архидалт. .. Үр дүн нь гэр бүл салалт.
3) Хөдөлмөрийн хөлсний үнэгүйдэлтээс болж хүмүүс орлогын шинэ хэлбэр эрэлхийлсэн нь гадагш хөдөлмөрлөхөөр явж байгаа нь Монгол хүнийг сэтгэлгээний өөрчлөлтөнд оруулж, гэр бүлийг нь сарниахад хүргэж байна.
Гэр бүл салалтаас үүдэлтэй хүүхэд өнчрөлт болон хүүхдийн сэтгэлзүйн өөрчлөлт их байгаа нь хүүхдүүд эрт бэлгийн харьцаанд орох, хүсээгүй жирэмслэлтэнд өртөх болон бэлгийн гажуудал болон оюуны хөгжлийн доройтолтонд орох зэрэг олон муу үр дагаварыг араасаа дагуулсаар байна.
7. Мэдээллийн эрин зуун хурдацтай явагдаж байгаа нь мөн хүүхдийн оюуны хөгжил маш хурдацтай явагдахад нөлөөлж байна. Өсвөр насныхны бэлгийн амьдрал урд урд жилүүдийнхээс эрт эхэлж, уг хүүхэд бэлгийн амьдралын талаар бага ойлголтойгоор хамгаалтгүй бэлгийн харьцаанд их хэмжээгээр орж байгаагаас эрт жирэмслэх, аборт, бэлгийн замын өвчин авах, үргүйдэлт ихсэхийн шалтгаан болж байна. Үүний тод жишээ нь: Саяхан 14 настай охин хүүхэд гаргаж байна. Энэ нь 13 настайгаасаа бэлгийн харьцаанд орж байгаагийн илрэл юм. 17 нас хүрсэн абортонд орж үзээгүй охид бүсгүйчүүд ховордож байгаагаас бас харж болно. Энэ нь үндэсний хэмжээний гамшиг болж болохуйц байгааг харуулж байгаа юм. Учир нь абортонд эрт орох нь савны хорт хавдар болон үргүйдэлтэнд хүргэх гол хүчин зүйл учир дахиад 10 жилийн дараанаас монгол улсын нөхөн үржихүйн бодлогод ноцтой аюул учруулж мэдэх юм. Мөн хүүхэд залуучуудын харьцааны доголдол болон бэлгийн янз бүрийн хэлбэр туршиж үзэх гэсэн хүсэл нь бэлгийн гажуулдалд их хэмжээгээр өртүүлж байгаагаас Гомосексуал, Транссексуал болох үзэгдэл газар авч байна.
8. Эцэг эхчүүдийн сэтгэлзүйн боловсрол амьдралын ухаан муутайгаас хүүхэд залуучуудыг төөрөгдөлд хүргэж, хүүхдүүд өөрсдийнхөөрөө амьдралыг таних гэж оролдсоноос янз бүрийн гажуудлуудад хүргэж байгаа нь өсвөр насныхны дундах архидалт, тамхидалт улмаар хар тамхидалт болон бусад мансууруулах бодисын донд автах явдал ихсэж боллоо.
9. Эцэг эхчүүд болон насанд хүрэгчид амьдралын хамгийн эхний алхам болох хайр сэтгэл, гэр бүлийн талаарх ойлголтыг үл ойшоох болон сайн ойлгоогүйгээс өсвөр насныханд зөв ойлголтыг өгж чадахгүй байна. Хүүхэд залуучууд бага залуудаа амьдралдаа алдах үзэгдэл газар авч байна. Үүнийг сүүлийн жилүүдэд амиа хорлох үзэгдэл, хүсээгүй жирэмслэлт болон аборт хийлгэж байгаа төвшин хэр их байгаагаас харж болох юм. Бага залуудаа ийм сэтгэлийн шарх авсан өсвөр үеийнхэн хэзээ ч бүрэн төгс иргэн болж чадахгүй бөгөөд ийм сэтгэлийн доглдолтой хүмүүс олширвол Монгол улс цаашид оршин тогтнох эсэх нь асуудалтай болно гэсэн үг.
10. Хотжилт хурдацтай явагдаж байгаагаас ажлын бололцоо, хотын түгжрэл, хүнд суртлын аппаратын хугацаа алдсан үйлдлүүдээс болж иргэдийн яаралт тэвдэлт ихэсч, хүмүүсийн хоорондын биечилсэн харилцаа муудаж байна. Эндээс сэтгэлзүйн хамгийн хүнд хэлбэрийн доголдол болох ганцаардал газар авахын эх үндэс нь болж байгаа юм. Ганцаардал нь сэтгэл гутралыг үүсгэдэг тул эндээс хүмүүст сэтгэцийн янз бүрийн гаж үзэгдэл газар авч байна.
11. Би өнөөдөр бидний улс үндэстний маань өмнө тулгараад байгаа эдгээр томоохон асуудлуудын ихэнхийнх нь уг шалтгаан цэвэр хүмүүсийн, та бидний сэтгэлзүйн асуудлуудаас үүдэлтэй болохыг нотлон харуулахыг хичээлээ . Энэхүү асуудлуудыг даван туулахын тулд Монголд сэтгэлзүйн салбарыг зайлшгүй хурдацтай хөгжүүлэх хэрэгцээ шаардлага эндээс урган гарч ирж байгааг та харж байна.